Шинэ он айсуй


Шинэ жил нээрээ их гоё баяр шүү,Мандрин алимны үнэр хүүхэд насны шинэ жилийг санагдуулна.Шинэ жилийн баяр байгаа болохоор, он солигдох зааг гэж бий болохоор бид өнгөрсөн жилүүдээ цэнэж эргэцүүлж бодох завшаан тохиодог юмуу.
Шинэ жилүүд ээлжилсээр.. Байгууллагын шинэ жил үнэхээр сайхан болсон, сайхан байсан болоод ч тэрүү их хурдан дуусчих шиг л болсон.Хурдан дуусахыг нь бодохоор хүүхнүүд энэ хэдхэн цагийн арга хэмжээнд ямар их мөнгө цаг зарцуулна вэ. Даашинз, туфль, цүнх, үс засалт% нүүр будалт, хумс хуруу бас дээрээс нь зүүлт чимэг гээд л... Тэгээд л нэг гоё зурагнууд л үлдэх юм даа. Айлын том юм болохоор харин өмссөн даашинзуудаа хий дэмий хадгалахгүй бас ч гэж охин дүүдээ өмсгөөд хэргийг нь гаргаж эхлээд байгаа. Дээрээ ах эгчтэй хүмүүс ч үнэхээр азтай шүү. Манай охин дүү бол бүгдийг нь эгнүүлж тавьж байгаад л аль дуртайгаа өмсөж байхад би харин энэ жил ямар загварын өнгийн даашинз өмсөнөө гэж толгойгоо жаал гашилгана.
Гэхдээ дүү нартай байх ч бас сайхан шүү.Дэм дэмэндээ дээс эрчиндээ сайхан л байдаг юм.Ялангуяа дүү нар том болоод биеэ даагаад ирэхээр.Хааяа нэг инээлдэж уулзаад л.
За ингээд маргааш шинэ он гарахнээ. Тэгээд 2-нд хүүгийн,3-нд охины төрсөн өдрүүд болно. Миний хувьд жилийн хамгийн ачаалалтай үе бол шинэ жилийн үеүүд. Баяр дуусахгүйээ...

Zeitgeist


Саяхан би ийм нэртэй нэг баримтат кино олж үзсийм. Уг кино надад маш сонирхолтой байсан бөгөөд нэг ёсондоо миний бас нэг танин мэдэхүйн нүдийг нээсэн гэж хэлж болох юм. Киноныхоо талаар та бүхэнд ярьж өгье гэж бодогдлоо. Уг кино нь нилээн бодитой баримт фактуудыг дурдсан байснаараа бас их таалагдсан. Уг киноны эхэнд хүн төрөлхтнийг эртнээс нааш “мунхруулж” ирсэн гэж хэлж болох шашны тухай тайлбарладаг юм. Өөрөөр хэлбэл улс үндэстэн болгонд байдаг шүтдэг бурхан нь чухам үнэн хэрэгтээ юу вэ гэдгийг тайлбарлаж байна.
Бурхан гээд байгаа зүйлүүд нь бүгд ижил түүхтэй, ер нь бүх юм нь таардаг байгаа юм. Жишээлбэл МЭӨ3000 оны Египетийн Horus, МЭӨ1200 оны Грекийн Attis, МЭӨ 900оны Энэтхэгийн Krishna, МЭӨ500 оны Грекийн Dionysus, МЭӨ 1200 оны Персийн Mithra зэрэг /үүнээс гадна маш олон орны бурхад бий/ нь бүгд 12 сарын 25нд мэндэлсэн, бүгд Онгон эхээс төрсөн, бүгд 12 дагуул юмуу 12 сурагч шавьтай байсан, бүгд үхээд 3 хоногийн дараа амилсан, бүгд усан дээгүүр явдаг ч юмуу тийм ид шидтэй байсан гэдэг домогтой байдаг байна. Үүний нэг тод жишээ нь Исус Христ юм. Түүний талаарх домог ч гэхиймүү түүх ч гэхиймүү тэр яриа нь бүгд бас таарна. Тэгвэл эдгээр жинхэнэ хүн байсан эсэх нь тодорхойгүй шүтээнүүдийн хуулбарласан мэт адилхан түүх яриа нь юунаас үүдэлтэй вэ гэдэг асуулт гарна. Үүнийг тайлбарлая.
Эртнээс хүн төрөлхтөн бурхан энэ тэрийг шүтэхээс өмнө Нарыг шүтэж дээдлдэг байсан байна. Нар нь хүмүүст гэрэл гэгээ,дулааныг авчирдаг, ургац тариаг ургуулдаг, араатан амьтнаас дайжихад нь тусалдаг байсан тул түүнийг дээдэлж Horus буюу Light гэрэл гэгээ гэж нэрлэж харин шөнийн харанхуйг Set буюу Dark гэж нэрлэж тэднийг үргэлж эсрэг тэсрэг болгож ярьдаг байж.
Мөн эртний хүмүүс од гаригсийн байршлыг ажиглаж тэднийг 12 сард хувааж 12 ордоор нэрлэж байсан бөгөөд жилийн турш нарны хөдөлгөөн од гаригсын хөдөлгөөн өөрчлөгдөж байгааг мэдсэн байна.Тэгэхээр эдгээр Христ, Кришна, Дионисус зэрэг олон шүтээнүүд нь уг чанартаа Нарнаас үүдэлтэй гэж ойлгож болно. 12 сар буюу 12 орд нь дагалдагч шавь нар нь болсон байна. 12 сарын 25 нд мэндэлсэн гэдэг ойлголт нь Нарны хөдөлгөөнөөр тайлбарлагдах бөгөөд 12сарын 22,23,24-ний өдрүүдэд нарны шингэх хөдөлгөөн удааширч 25нд тогтонгиших ба энэ нь мөнөөх бурхад шүтээний мэндэлсэнтэй холбогдох юм.
За цааш яривал ер нь эдгээр олон бурхан шишин тэдгээрийн урсгал үзэл зэрэг нь хэнд хэрэгтэй вэ? Үүний хариулт нь ердөө л засгийн эрхийг гартаа барихыг хүсэгчид, эрх мэдлийг хүсэгчид байдаг байна.Бурхан шашны нэрийг барьж орлого олдог шашны байгууллагууд өч төчнөөн байдаг бөгөөд тэд улсад 1ч төгрөгний татвар төлдөггүй/ манай монголд бол хийд, гандан, дацангууд/.Цаашлаад шашнаас үүдсэн дайн тулаан түүнд үрэгдсэн хүмүүсийн тоог тоолж барахгүй билээ. Тэгэхээр эрх мэдлийг хүсэгчдийн зэвсгийн нэг нь шашин болж таарч байна.
За шашнаас цаашлаад хүн төрөлхтний түүхэнд гарч байсан цуст дайнуудын үүсэх шалтгаан нь зүгээр л зохиомол зүйлүүд буюу дайныг өөрсдөө санаатайгаар хийдэг гэвэл яана? Тухайлбал бидний киногоор нь сайн мэдэх Pearl Harbor-ийн дайнд япончууд шууд дайн зарлахгүйгээр довтолдог доо? Тэгвэл үнэн хэрэгтээ япончууд товдлох тухайгаа урьдчилан мэдэгдсэн гэж байгаа юм. Мөн бас нэг сонирхолтой юм нь 9-р сарын 11-ний гамшигт өдрийн 2 ихэр цамхаг Худалдааны төв рүү террористууд довдолсон талаарх юм. Сонин нь юу гэвэл ихэр цамхаг руу мөргөсөн 2 онгоцыг ямар ч террористууд жолоодож сөнөөгөөгүй гэвэл яахуу. Бүр нарийн ярьвал тэр өдөр 2 онгоц ойртож байгааг хянаад мэдэгдэх байсан биздээ, тэгтэл тэр өдөр зориуд сургуулилтын хэд хэдэн онгоцыг нисгэсэн байгаа юм. Тэгээд аль нь сургуулилт хийж байгаа, аль нь жинхнээсээ нисч байгааг ялгах боломж олгоогүй гэсэн. Мөн ихэр цамхаг нурах ямар ч үндэслэлгүй маш бат бөх ган араг ястай байсан бөгөөд тэдгээр нь зөвхөн тэсрэх бөмбөгийн маш өндөр градуст л хайлж нурах магадлалтай байсан гэх бөгөөд нурахаас өмнө доод давхрууд нь түрүүлж дэлбэрч байгааг ажиглаж болно.Цамхагаас амьд гарсан хүмүүс тэнд дэлбэрэлт болж байсныг гэрчилдэг.Нураад дууссаны дараа маш халуун хайлмаг буцалж байсан гэдэг.Үнэхээр дэлбэрээгүй нурсан бол үнс хайлмаг 2 үлдэхгүй л байх байсан болуу. Тэгвэл Америкчууд яагаад өөрсдийнхөө 2 сайхан барилгыг олон мянган иргэнтэйгээ хамт үгүй хийх хэрэгтэй байсан гэж. Хариулт нь “Ирак руу довтлох” шалтаг л эрх мэдэлтнүүдэд хэрэгтэй байсан гэнэ.Тэдний хувьд хүмүүсийн амь юу ч биш байдаг гэнэ шүү. Иракын 12 террорист гээд зураг хөргийг нь гаргаад байдаг хүмүүс бүгд энгийн иргэд байсан, тэр бүү хэл онгоц жолоодох талаар “А” ч байхгүй байсан гэнэ.Тэднийг нэг нэгээр нь байцаасан болоод сулласан гэсэн.
Цаашлаад дэлхийн банкууд, мөнгөний эргэлтийг бараг 1-2 хүн гартаа атгаж байдаг тухай гарсан.
Эрх мэдэлтнүүд ард түмнийг зүгээр л хэрэгсэл болгоход ашигладаг нь аймшигтай. Иргэдийн иргэний үнэмлэхийг жижиг чип болгож биед нь суулгах тухай туршсаныг та лав сонссон байж магадгүй.Энэ талаар бас уг кинонй төгсгөлд гарсан юм. Сүүлийн үед зарим орнуудад гаргаж байгаа иргэний үнэмлэх нь хавтсан завсраа чиптэй болсон гэнэ. Хэрэв бүх хүний биенд чип суулгаад эхэлбэл энэ дэлхийн бүх хүмүүсийг хэн нь хаана хэнтэй юу хийгээд явж байгааг хиймэл дагуулаар ажиглах болно. Таны чип ажиллахгүй болбол та хэн ч биш болно, та хаана ч ямар ч үйлчилгээ авах боломжгүй болно. Таны чипийг бас ажиллагаагүй болгож болох юм гэнэ.Аймшигтай сонсогдож байгаа биз.
Энэ киног үзээд би үнэндээ шоконд орсон. Сутгэлээр ч унах шиг. Ер нь огт төсөөлөөгүй зүйлийнхээ үнэн дүр төрхийг харна гэдэг аймшигтай. Гэхдээ үүнийг мэдэж байхад илүүдэхгүй боловуу гэж бодогдлоо. Монголд гэхэд л засгийн эрхийг барих гэсэн нөхдүүд сонгуулиар эрх мэдлийн төлөө хийж чадахыгаа биш амныхаа пянгаар худлаа амлаж биднийг үнэхээр “доромжилж” байгааг зарим нь буюу “нүд нь таглаастай, чих нь бөглөөстэй” юм шиг хүмүүс дэмжиж саналаа өгч байгаа нь үнэн харамсалтай. Гэхдээ бидний ирээдүй гэрэлтэй байгаасай, нэг амьдрахдаа зүгээр л өөрийнхөө санаснаар тайван амгалан амьдрах юмсан. Баабарын хэлсэн нэг сайхан зөвлөмжөөр энэ аймшигтай бичлэгээ цайруулж дуусгъя “Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье"

Агаарт гарах өндөр сэтгэгдэл минь сэтгэл зовнил болж хувирсан амралтын өдөр минь...


Өнгөрсөн амралтын өдрөө салхинд гарч үр хүүхдүүдийнхээ хорт утаагаар амьсгалсан уушгийг бага боловч амраая гээд гарлаа. Гэхдээ өглөө босоод хоол идээд гарах гэсээр байтал 15 цаг болчив. Тэгээд яахав дээ оройтож гарсан юм чинь ойрхоноор нь зайсангийн цаад ам руу гаръя гээд гараад шидчлээ. Яаг уулын энгэрт ирсэн чинь нар ер нь хариугүй уулын цаагуур орохнээ. За тийм хурдан орчихгүй байлгүй гээд машинаас гараад л баясаад л охиноо тэврээд, хүүгээ” Миний хүү цаагуураа жаал гүйгээд тоглохгүй юу” л гэлээ. Гүйээ тэгээд 10 минут болоо ч үгүй байтал нөгөө нар уулын цаагуур орж эхлээд уулын бэлд байсан сүүдэр юу юугүй бидэн дээр хүрээд ирлээ.Би ч бүр гайхаад “ Үгүй энэ дэлхий чинь ийм хурдан эргэдэг билүү л “ гэж бодлоо. Тэгээд сүүдэрт жаахан зогсоё гэж бодсон ч оройн сэрүү татаад даармаар болохнээ. Нэгэнт салхинд гарахаар ирсэн улс чинь ямар 10 мин агаарт байлгүй буцалтай нь биш. Тэгтэл нөхөр минь “Хэдүүлээ тэр Туул голын эрэг дээр очъё, тэнд арай удаан нар байх юм шиг байна” гэнэ. Би ч, хүү маань ч тэгье л гэлээ. Хүүгийн маань хэлснээр бид хэд чинь Мистер Бин-ийн хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг л нар дагаад давхиж гарлаа. Хэхэ. Тэгээд Туулын эрэг дээр ч ирлээ буулаа. Туул гол ч бүр ус нь ширгээд ёроолын хайрга нь 50% нь голын эрэг шиг болоод ил гарчихсан байна. Яанаа урьд нь ийм өргөн байсан Туул одоо ийм нарийхан болчих гэж харамслаа. Тэгтэл бас утаа үнэртээд хэрэг алгаа. Тэнд бас хүүхдүүдээ салхинд гаргаж байгаа хүмүүс нилээн байна. Жаахан манцуйтай жаал ч байсан. Салхинд гарна ч гэж дээ, нөгөө утаа нь үнэртсэн хэвээрээ л байна лээ. Тэгээд бүр сэтгэлээр унах ч шиг, хотод амьдарч байгаа хүмүүсийг ялангуяа хүүхдүүдийг маш их өрөвдлөө. Ийм нялхаасаа хорт агаараар амьсгалж байгаа тэд ирээдүйд яана. Гэтэл дархан цаазат Богд уулын хормой тэр чигээрээ хашаа хатгагдаад зарагдсан байх юм. Зайсангийн ам тэр чигээрээ байшин барилга, хаус болоод тэнд ер нь цэвэр агаар байх ч нөхцөлгүй болж. Тэгээд манай төр засгийн удирдагчид маань машиндаа суулаа –буулаа ажилдаа, машиндаа суулаа- уулын бэл дэх хаустаа заларлаа.Өөрсдөө утаанаас дайжаад уулын бэл рүү мөнгөөр зодоод газар аваад байшин бариад суучихана. Гэтэл ард түмэн бид үнсэнд хаягдсан шалз шиг л байна. Яг үнэндээ энэ хотын утаа, хог тоос, үнийн хөөрөгдөлт тэдэнд огт хүртээлгүй юм шиг байгаан. Аливаа хөгц, идээ бээрийг угаар нь уутаар нь авч хаяж байж эдгэдэг шиг энэ ялзарсан төр засгийн удирдлагыг угаар нь цэвэрлэж байж л ард түмний амьдрал, нийгэм, бидний амьдрах орчин өөрчлөгдөнө. Бүх бурууг тэдэн рүү чихэж байгаа мэт боловч ард түмэн бид дор бүрнээ хичнээн хичээсэн ч энэ удирдлага бодлогын системд алдаа байвал ямар ч хэрэггүй л байгаа юм. Бидэнд үр хүүхдүүддээ тоглуулж наадуулах эрүүл орчин алга, залуучуудад суугаад ярилцах цэцэрлэгт хүрээлэн ч алга. Ингээд бодохоор бид их юм шаарддаггүй, байгаагаараа болгоод л явдаг хүмүүс юм шиг байна. Ард түмэн хэтэрхий хүлцэнгүй байх, хэтэрхий тэнэг байх нь зөвхөн улс төрчидөд л ашигтай.Харин бид хэр удаан ийм байдлаар амьдрах бол...

Ходоод хогийн сав биш гэнэ

За ойрд ажил гэж арзайсан их, шил шилээ дараад гялалзаад байна. Охиноо 10 сартай болгоод ажилдаа орсон чинь охинтойгоо байсаар байгаад бүр дасаад одоо ажил дээрээ охиноо санаад хэцүү байна шүү. Бас гэрийн хоол идсээр байгаад даассиймуу яасын энэ гуанзны хоолыг нэг сайнгүй хүлээж авч байна шүү. Тэгээд бодохоор л гуанзны хоол олигтой биш нь мэдэгдэж байгаа юм. Саяхан нэг дотрын эмч Бадамжав манай ажил дээр ирж бидэнд Ходоод хогийн сав биш гэдэг лекц уншсан. Тэгсэн чинь нээрээ л бид ер нь ходоодных нь дотор харагдахгүй болохоор яадийн гэсэн шиг л газар унагасан хоолоо Унаад удаагүй гээд л нэг үлээчихээд л идчихдэг. Уг нь тэр махыг бол хогийн сав руу шидэх хэрэгтэй юм байна. Газар гэдэг бол түмэн янзын нян арзаганаж байдаг талбай юм байна. Тиймээс бидний "ариусгах үлээлт" ч нэмэр болохгүй нь бололтой. Тэгээд хоолоо идэв үү үгүй юу зурагтаа хараад буйдан дээрээ тэрийгээд хэвтэх нь бүр дэмий, ходоод нь өөрөө дээд доод амсар гэгч зүйлтэй бөгөөд тэр 2 амсар нь хаагдаж байж хоолоо боловсруулдаг атал хэвтээд өгөхөөр нөгөө амсар нь хаагдаж чадахгүй байсаар сүүлдээ огт хаагдахгүй болж цээж рүү идсэн хоол нь буцаж түрэгдээд нөгөө бидний цээж гашуун оргилоо гэдэг нь болдог юм байна.
За яриад байвал тух их. Хамгийн гол нь цэвэр чанартай хоол идэх, хоол идэхдээ гараа угаах нь чухал...

Сайн уу Blogspot

Зиак, хамаг бичлэгээ 360yahoo-аас зөөх гэж овоо ажил боллоо,магадгүй бичлэгээ зөөх илүү хялбар арга байсан ч байж магадгүй.Яахав сурна даа.
Энүүхэндээ гэж хэлэхэд 360yahoo дээр хэн хүссэн нь коммент бичиж чадахгүй байгаад гол учир оршиж байв,өөр бас тоочвол мяа юм их бий.Одоо харин аятайхан байна шүү,за тэгээд бичээд байна даа!

Амьдарлын утга учир, аз жаргал,баяр баясгалан


Анхны бичлэг дээрээ нэгэн хөөрхөн цэнхэр нүдтэй охины зургийг тавьж блог бичиж эхэлсэн бол одоо би хөөрхөн охинтой болжээ.Алтан гахайн дайрлаганд дайруулж охин надад заяалаа.Ингээд би чинь хорвоод хамгийн нандин эрдэнэс болсон хүү охин 2 той боллоо.
Үнэдээ гэр бүлд хүү охин 2 заяах нь үнэхээр perfect гэж хэлж болно.
Хүү төрүүлсэн юм чинь одоо охинтой болох юмсан гэж хичээж төлөвлөөгүй,бие давхар болно гэж зүүдлээ ч үгүй байсан надад охин хайрласан бурхан тэнгэртээ талархаж байна.
Эмэгтэй хүн төрж хаширдаггүй гэдэг үг учиртай байж.Тээж төрүүлэхийн хэцүүг дурдвал хэн ч хүүхэдтэй болохыг хүсэхгүй байх,харин төрүүлсэн үрээ харж баярлаж үнэрлэж суухын жаргалыг мэдэрсэн эх хүн л дахин хүүхэд төрүүлэх зүрх зориг гаргадаг байх.
Хүүхэд гэдэг тэр чигээрээ ариун нандин зүйл юм.Энэ хорвоогийн сайхан муухайг ялгаж салгахгүй тэдний нүдэнд өчүүхэн ч хир буртаг үгүй.Өдөр өдрөөр шинэ зүйлийг сурч мэдэж байгаа үрээ хараад ээж нь бөөн баяр."Охин минь одоо намайг таниад инээдэг болсон, гараа сарвайлгаад юм барих гэж хичээж байна" гэхчилэн юм бүхэн л баяр авчирна.
Амьдарлын баяр баясгалан болсон үрсүүд минь!

Галаа хэн манах вэ?


Хайр гэж юу вэ гэдэг талаар хүн бүр дотроо нэг нэг зүйлийг бодож байдаг байх.
Харин би бол хайрыг яг л галтай адилхан гэж бодож түүнтэй зүйрлэдэг.
Хүнд анх хайртай болж түүнтэйгээ үг хэлээ олж,сэтгэл зүрхээ нээх гэж хичээх нь яг л хэдэн мод тавиад эвтэйхэн гэх чинь гал асаах гээд хичээж буй мэт,жаахан салхи гараад л асаах гэж байгаа шүдэнзийг минь үлээчихтэй адил хайртай хүндээ өөрийгөө таниулж чадахгүй бол энэ нь хайрын галаа асааж чадалгүй өнгөрөөж буй мэт.
За тэгээд салхи нь ч намдуу,мод нь ч хуурай бол гал асна даа.
Гэхдээ мэдээж гал дүрэлзэн асаж байх нэг үе байхад мод нэмэхгүй бол цогшин унтардаг үе байх.
Бид яг л үүнтэй нэг адил асаасан хайрынхаа галд үргэлж цучил нэмж бадраах хэрэгтэй юм болуу. Бид нэгэн хэвийн зүйлд дасах нь амархан. Одоо үргэлж миний хажууд байгаа ханийгаа харсаар байгаад дасал болж, хэлэх үг нь ширүүссээр хатуудаж бага багаар гал дээрээ ус хийсээр унтраах вий. Гал дүрэлзэн асаж бас заримдаа зөөлөрч байж амьдрал сонирхолтой байдаг байх. Галын дөл дулаахан байдаг, хайртынхаа хажууд байгаад л баймаар байдаг шиг.
Асаасан галаа бас манах хэрэгтэй, хэн нэг нь ирээд хувингаар ус хийчихвий, эсвэл өөрөө зүүрмэглэж суугаад унтарч байгааг нь анзаарахгүй өнгөрөөх вий.
Галын хажууд 2-уулаа сууж байхдаа галаа ээлжилж манах хэрэгтэй юм болов уу, эсвэл хэн нэгэндээ найдаад галаа хайхрахгүй орхих уу,
Галыг тойроод анх 2-уулхнаа суудаг байсан бол аяандаа 3-уулаа 4-үүлээ болно.Тийм болохоор тэр галд цучил нэмэх басхүү манах эзэд олуулаа болно.Мэдээж энэ бол бидний хайраас гарсан,тэр галын элчийг мэдрэх эрхтэй үр хүүхдүүд минь юм.
Ээж аав галаа хэр манаж байгаагаас үр хүүхдүүд нь суралцана.
Галдаа цучил нэмж байгаарай,гол нь бүрмөсөн бүү унтраагаарай!
Гал чинь бүрмөсөн унтарсан бол буруутныг хайхад оройтсон байх вий.

Залуу насны эрч хүчээ мэдэрч байна уу


Хүн гэдэг сонин амьтан юм.

Хорвоод мэндэлснээсээ хойш за нэг 5,6 нас хүртлээ ер нь юу хийж байгаа нь бүдэг бадаг тодорхойгүй,согттлоо уугаад тасарцан хүн шиг дэн дунтай, тэр үед болсон үйл явдлаас ганц нэгийг л хальт санадаг.

За тэгээд 7,8 наснаас арай гайгүй ухаан орж ирнэ,бас арай наанатай цаанатай.17,18 хүрээд ирэхэр өөрийгөө их л том хүн болсон мэт сэтгээд л,ялангуяа оюутан цагт бол бөөн эрх чөлөө мэдрэгдээд л,юу ч хийсэн болмоор ч юм шиг,гэвч энэ бол эндүүрэл байдаг,өөрийгөө шаал түүхийгээрээ байгаагаа мэдэх ч үгүй нисч алдана даа.

За харин их сургууль төгсөөд нэг ажил хийгээд есөн шидийн хүн амьтантай уулзаад харилцаад ирэхээр жихэнэ нүд нь нээгдэж өөрийгөө чухам хэн,юу хийгээд яваад байгаа,түүхийгээрээ байна гэдэгээ мэдэрнэ дөө.

Өөрийгөө ямар түвшинд байгаа,амьдрах хугацаандаа олж авсан мэдлэг нь хэр хэмжээнд байгаагаа мэдэрнэ гэдэг хамгийн чухал,мэдрэхгүй явсаар насыг бардаг нь ч олон л байдаг. Хэн мэдэрч чадна тэр хүн өөрийгөө аймаар голно.Тэгээд л сурахын төлөө ахин тэмүүлнэ дээ.Ийм хүн бол хэзээ ч сурч дуусахгүй,суусан газраасаа шороо атган босохтойгоо болдог байх.Яахав миний бодол л доо.Хэзээ ч сэтгэл ханахгүй,хийж бүтээх эрч хүчтэй залуус монголд маань хэрэгтэй л дээ.

Залуу байх үедээ цаг хугацаатай уралдаж дотроо байгаа "би"-г үргэлж ялахын төлөө тэмүүлэх хэрэгтэй.Тэр "би" нь харин бидний дайсан юм,тэр ерөөсөө биднийг залхуу болгож өнөөдөр хийе гэсэн зүйлээ хойш нь тавихыг тулгадаг,за ядраад байгаа юм чинь дасгалаа хийхээ больё маргааш хийе, за англи хэлээ нэг харчья гэснээ за за өнөөдөр тэртээ тэргүй гадаад хүнтэй 5,10 үг сольсон юм чинь давтсанд тооцъё гэх мэтээр тэр "би"-дээ үргэлж ялагддаг. Бусад хүнд атаархаж явахаар өөрийгөө дайчласан нь дээр.Өөртөө хэрэгтэй нэг зүйл үзэхийн оронд ТВ-ээр савангийн дуурь эсвэл нэг шоу үзээд надад дараа нь ямар ашигтай вэ гэдэгээ л ялгаж сурах хэрэгтэй юм шиг байгаан.

Гэхдээ бас үргэлж өөртөө ашигтайг хараад явбал тэнэг л юм болно л доо мэдээж.Хааяа өөрийгөө эрхлүүлэхэд гэмгүй л дээ. Бас бусдын төлөө цаг гаргаж байх хэрэгтэй. Ер нэг сонин юм ажиглагддаг.Юу гэвэл бүх хүний туулдаг зовлон бэрхшээл бараг адил юм шиг байгаан.Хэн нэгнийг "ээ, энэ одоо тэгчихдэг яадаг байнаа,ийм юм гэж юу байсийн гэж шүүмжлэх маягтай бодож байсан зүйл яалт ч үгүй хэзээ нэгэн өдөр яг өөрт нь тохиолдож байдаг. Тэгэхлээр хүнийг ер нь бодож байж шүүмжлэх хэрэгтэй юм шиг байгаан.

За тэгээд сүрхий юм би бодож бичээд байгаагаас биш бас л хааяа өөрийнхөө доторх "би"-д 1 оноо хааяа өгөөд л байдаг муу талтай.

Цасан гоо-ийн унтаа байдал нь нууцлаг өвчин гэнэ шүү


Өнгөрсөн амралтын өдөр зурагт үзэж байтал Оросын нэг сувгаар Летаргический сон/Lethargica буюу бидний ойлгодгоор олон жил унтаа байдалд байдаг нэг төрлийн өвчин гэж бас үзээд байгаа зүйлийн талаар их сонирхолтой нэвтрүүлэг олж үзлээ.
Ер нь унтах бас зүүд зүүдлэх гээчийн талаар би их сонирхож байдаг нэгэн байсан болоод ч тэрүү суваг солилгүй үзлээ.
Летаргический сон хэмээх өвчин анх 1916-1927 онуудад дэлхий даяар танигдаж дэлгэрсэн бөгөөд 80-аад жил нууцлаг хэвээр байгаа зүйл юм байна. Дэлхийн 2-р дайны үед бүсгүйчүүд голдуу довтолгоон дайралтын дараагаар ингэж бөх нойрсдог байсан байна. Тухайн үед энэ чигээр нь оршуулах тохиолдол их байсан гэдэг.
Летаргический сон нь удаан хугацаагаар унтаж байгаа мэт байдаг,өнгөц шинжилбэл үхсэн хүнтэй андуурч болохоор гэнэ: учир нь бие нь хөрсөн байдалтай,гадны ямар ч нөлөөлөл өвдөлтөнд цочрохгүй мөн зүрхний лугшилт нь огт мэдэгддэггүй дунджаар 1 минутад зүрх 1-2 удаа цохилдог байна.Тиймээс ч зарим нас барсан гэгдэх хүмүүсийн зарим нь үнэхээр үхээгүй унтаа байдалд орсон байх магадлалтай гэнэ.
Тухайлбал оршуулсан хүмүүсийн булшийг ухаж үзэхэд цогцос нь хэвийн бус толгой болон бие нь хөдөлсөн,гарахаар оролдсон шинжтэй байсан нь үүний нэг жишээ гэнэ.
Олон сонин жишээ гарсныг сонирхуулья:
- Индиан гаралтай нэг айл охиноо нас барсан гэж үзээд оршуулсан байна.1 хоногийн дараа өвөө нь ач охиноо үхээгүй байхад нь оршууллаа гэж зүүдлээд шууд давхиж очоод онгойлгоод үзтэл үнэхээр ач охиных нь зүрх бүдэг цохилохыг мэдсэн байна.Тэгээд тэр охин нь 16 жил эмнэлэгт унтаа байдалтай байсан бөгөөд тухайн үед 13 -тай байсан охин 16 жилд ердөө 30см-ээр өссөн байсан.Нэг өдөр утасны дугарах чимээгээр охин сэрсэн.Охин ч гэждээ бүсгүй.Тэгээд хэвийн байдалдаа дасах гэж нийлээн хугацаа өнгсөрсөн.Одоо бол гадаад байдал нь өөрийнхөө насан дээр очсон байналээ.
Удаан унтсан хүмүүсийн нэг онцлог нь сэрсэнийхээ дараагаар янз бүрийн чадвартай болсон байдаг гэнэ.Энэ охин тухайлбал амьтны хэл ойлгодог болсон гэсэн шүү.Зарим хүмүүс олон хэлээр ярих эсвэл далдыг мэдрэх гэх мэт авьяасууд илэрдэг гэнэ.
- Бас нэг өвгөн байна.Тэр өвгөн анх 7 хоног унтсан.Сэрэхгүй байхаар нь эмгэн нь эхлээд түргэн дуудаад үзүүлсэн,шинжилгээгээр эв эрүүл байсан.Тэгээд тэрнээс хойш өвгөн заримдаа 7,заримдаа 1 сараар унтдаг.Унтаж байгаад сэрэхээрээ бүр гайхаад эхлээд хаана байгаагаа мэдэх гэж хэсэг болдог гэсэн.Унтах үедээ дандаа л ямар нэг харь гаригийн хүмүүстэй уулзаж,тэд нар нь маш олон асуулт тавьдаг,сүүлдээ улс төрийн талаар асуудаг гэнэ.Тэр өвгөн унтдагаасаа болоод ажлаасаа халагдсан, бас гэр орны бүхий л ажлыг эмгэн нь хийдэг болсон гэсэн зайлуул.
-Нэг засварын цехэд ажилладаг залуу ажлынхаа хүнтэй маргалдсан гэнэ.Тэгээд толгой ругаа төмрөөр цохиулсан.хамт ажилладаг тэр хүн нь үхсэн гэж бодоод цасанд булаад орхисон байсаныг нь 22 хоногийн дараа хүмүүс олоод эмнэлэгт аваачсан гэнэ.Туайн үед задлан хийхээр бэлдээд байтал хурууны өндөг нь бүр амьд хүнийх шиг цус гүйж харагдахаар нь эмч нь гайхаад шалгатал амьд байсан байна.Бүхэл бүтэн 22 хоног тэгээд цасан дотор байсан хүн чинь амьд байхаар гайхна биздээ. тэр хүн унтаа байдалд тархи нь шилжсэн учраас огт ажрахгүй амьд байсан гэнэ.
-Нэг бүсгүй мөн нөхөртэйгөө маш ширүүн маргалдсан бөгөөд орой нь унтахаар хэвтээд 13 жил унтсан байна.
Гэх мэт олон сонин жишээ гарсан. Ер нь тэгээд миний ойлгосноор тархины нэг үйл ажиллагаа л доголддог юм шиг байгаан.Голдуу цочролд орсоны дараа унтаа байдалд ордог.Эрдэмтэд олон янзаар оношлодог: нэг хэсэг нь ямар нэг вирусын гаралтай гэж байхад 2 дахь хэсэг нь испанийн хадниадны тахал гэж байхад 3 дахь нь дэлхийн 1-р дайнд хэрэглэсэн ямар нэг зэвсэгээс болсон гэцгээдэг байна.Гэхдээ сүүлийн жилүүдэд Economo's disease, Cruchet's disease и Akureyri disease гэх мэт нэрүүдийг аваад байгаа ч энэхүү зүүдний ер бусын өвчин нь нууцлаг оношлогдохгүй хэвээр байгаа ба эрдэмтэд одоо хэр нь шинжилсээр байгаа гэнэ.

О.Дашбалбар Амьддаа бие биеэ хайрла, хvмvvсээ

О.Дашбалбар  Амьддаа бие биеэ хайрла, хvмvvсээ magnify

Амьддаа бие биеэ хайрла, хvмvvсээ
Алив сайхан бvхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггvй vгийн зэвээр зvрхийг минь бvv шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нvх рvv битгий тvлх!

Архинд орсон нэгийгээ шоолж бvv инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шvv.
Амжиж, чи єєрєє алдрын зэрэгт хvрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж єг!
Ачийг чинь тэд бас бvv мартаг.

Ганц сайхан vгээр дутаж яваа хvнд
Гарцаагvй тvvнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хvйтэн едер
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хєвгvvнийг
Чанга хатуу vгээр битгий гомдоо, бvсгvй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хvvхэнд ч дурлаж ч болох шvv.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр vг хvртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хvртэл нэг янзаар бемберч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бvсгvйн доголон нулимсыг асуулгvйгээр арчиж
Бvдэрч унасан хvvхдийг дээр єргєн аргад!

Єнєєдєр чи инээж, нєгєєдєх уйлдаг ч
Єєр нэг едер чи гуньж, цаадахь чинь дуулна.
Єлгий, авс хоёрыг хvн бvхэн дамждаг болохоор
Єер юу ч хэрэггvй, бие биеэ л хайрла!
Єрген хорвоод хvн хайраар л дутаж болохгvй!

Аз жаргалыг би, хvний сэтгэлийн галаар тєсеелдег болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа тvгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэр гэж ойлгоном!

Алтан гахайн дайрлага


Эмэгтэй хүн байх нэг хэрэг ч эх хүн болж үзээгүй эмэгтэй жинхэнэ эмэгтэй хүний зан чанарыг гүйцэд олоогүй юм шиг санагддаг.Мэдээж үүнийг би өөрийн туршлага дээрээс хэлж байгаа ажгуу.Ээж болохоосоо өмнө би одоо байгаа шигээ тийм ч уян зөөлөн сэтгэлтэй байсангүй, хүнийг өрөвдөж хайрлахдаа ч маруухан байсан. Гэтэл ээж болсноос хойш хар аяндаа өөр болж байгаа минь мэдрэгдээд л ирсэн. Яаж өөрчлөгдөв?

Бэлэн нулимастай болох нь эхний шинж. Кино үзсэн ч, сэтгэл эмзэглэх сэдэвтэй нэвтрүүлэг үзсэн ч уйлаад байдаг болдийн байна.Бодвол илүү өрөвч зөөлөн сэтгэлтэй болснийх байх.

Уян хатан болно. Мэдээж биеэрээ уран нугараач биш ;) ухаанаараа, аливааг шийдвэрлэх асуудал дээр наана цаанатай ханддаг болно. Хэтэрхий туйлшрахаа болино.Хэн нэгнийг үнэн голоосоо үзэн ядах сэтгэл төрөхөө байна. хэхэ

Халамжтай болно. Хүүхэддээ анхаарал тавьж халамжилсаар байгаад хүн бүрт анхаарал тавих,туслах эрмэлзэлтэй болно

Тэвчээртэй болно. Тэвчээртэй болохын хамгийн анхны хичээл нь шөнө бүр босч хүүхдээ хуурайлна,хүүхдээ өвдсөн үед өөрийгөө үл хайхран зөвхөн хүүхдийнхээ төлөө гүйнэ.Өлссөн байсан ч олдсон хоолоо хүүхэддээ өгөхийг хичээнэ.Энэ ч хамгийн авууштай чанар юм шүү.

Зиа иймэрхүү өөрчлөлт надад бий болсон.Эмэгтэй хүн төрж хашрахгүй гэж бараг үнэн байх шүү. Төрж хашрахгүй хүүхнүүддээ хэдэн хэрэгтэй хаяг өгье.Дээр үед бид эмчийн амнаас эсвэл ээж эгч нараас үнэн худал янз бүрийн таамагаар л ээж болох процессийг судалдаг байсан бол одоо сайхан болжээ. www.amazingpregnancy.com, http://pregnancyandbaby.com зэрэг рүү ороод л жирэмсний хэдэн 7 хоног байдаг, би хэдэн сарын хэдэнд хүүхдээ олсон,хэдний өдөр төрөх вэ, хэвлийд байгаа хүүхдийн маань өсөх явц ямар байна, үс нь ургаж байгаа юу, хэр жинтэй болоо бол гээд л үй түмэн мэдээлэл байна лээ шүү.

Энэ жил алтан гахай жил гээд эмэгтэй бүр л дайрлаганд өртөж гудамжаар зөрж өнгөрөх 10 эмэгтэйн бараг 5 нь бөмбөг шиг гэдэстэй байх боллоошд. Энэ жилийн эхний 6 сарын байдлаар монгол улс маань 30 000 шинэ иргэнтэй болсон байх юм.

Гэтэл би ч бас юу дутахав гэсэн шиг бөмбөг залгичихсан сууж байдаг, хэхэ.Юун алтан гахай, юу гэж хүмүүс шиг тэгж хуйларч жирэмсэлж байдийн,би төлөвлөгөөтэй хүн гээд байсан чинь ёстой давахгүй гэсэн даваагаа 3 давна гэгчийн л юм болж байна даа. Зай завсар, боломж юугий нь тааруулаад надад заяах гээд ирж байгаа үрээ би гаргахаар шийдсээн.хэхэ.

Монголын үрс маш олон болтугай,гол нь ухаантай боловсролтой ажилсаг аж ахуйч хүн болгож өсгөх нь л чухал юм шүү...

Үүлэн чөлөөний нар шиг Унадаг дугуй !


Хүүг минь Тэмүүлэн гэдэг.Тэр минь одоо 8 настай, нэг үеэ бодвол цагаахан цаас шиг ухаан бодол нь өнгө өнгийн харандаагаар зурагдаж нялх хүүхэд шиг барагийн зүйлд гэнэдэхээ болтод байгаа.Гэвч бас л болоогүй,нялхаараа байна даа гэдэг бодол саяхны нэг явдлаас болж бодогдож билээ.
Хүүхэд бүр л жаахандаа унадаг дугуйтай болох хүсэлтэй байдаг. Би л гэхэд 9 настай байхдаа 7 настай дүүгээ өвөр дээрээ суулгачихаад дугуй унаж байгаа айлийн хүүхдийг хараад сууж байгааг минь аав ээж 2 минь хараад тэсэлгүй дугуй авч өгч байсан гэдэг.3 дугуйтай,2 дугуйт ч болдог Оросын дугуй байсан санагдана.
Энэ зун зуслан гарлаа.Хүү маань бас л айлын хүүхдийн дугуйг дагаж гүйгээд л, заримдаа жаахан панаалдаж байгаад унасаар 2 дугуйтыг унаад сурчихлаа.Тэгээд л аав нь хүүдээ дугуй авч өгнөө гэсээр нэгэн сайхан орой тас хар өнгөтэй шив шинэхэн дугуй ирэх нь тэр.
Бөөн баяр болсон хүү маань зуслан дээр дугуйтайгаа найзалсаар.
9-р сарын 1 болж бид ч зуслангаасаа буулаа.Ходот ирсэн хүү маань гадаа дугуйтайгаа гарч унадаг боллоо.Гэтэл нэг орой ажлаас тараад ирж явтал хүү маань гэрийн гадаа урвайгаад зогсч байна.Яасан миний хүү? гэтэл Миний дугуй алга болчихлоо гээд намайг харангуутаа уйлж гарав.Хаана орхиосон бэ? гэтэл Хаана орхисноо мэдэхгүй байлаа.Хүү минь гэнэхэн тэгээд тоглоомондоо ухаан алдсанаас хайртай дугуйгаа хулгайчийн хоол болгожээ.Тэр оройн турш хүү минь уйлсан.Түр тайвширсан ч дугуйгаа бодонгууд ахиад л том том нулимс унагаж билээ. Аав нь хүүгээ аргадаагүй харин ч загнасан..Хүн зөвхөн өөрийн болгоомж хайхрамжгүйгээс л юмаа хаядаг,дахиад дугуй өвч өгөхгүй гэж ирээд л, Би ч бас хүүгээ хичнээн өрөвдөж байсан ч бас л сургах зэмлэхийн өнгө аястай үг хэлээд авсан.
Хүүгийн минь хувьд энэ бол анхны томхон сургамж байсан байхаа. Хүүгийн миньҮүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрсөн хайртай дугуй...

Зуслангийн зугаатай өдрүүд баяртай


Зуцслангийн зугаатай өдрүүд минь баяртай! Цэнгэг агаар ч бас баяртай. Бага байхад агаарын сайхныг мэдэрдэггүй байж дээ.Тэр үед өвс ургамал одоогийн байгаагаас хамаагүй өндөр ургадаг, нүд эрээлжлэм олон эрвээхэй нисээд л би ч хүссэнээрээ эрвээхэйг барьж номны завсар хийгээд хатаадаг байсан санагдана./хөөрхий эрвээхэйнүүд/ Би ч аймгийн төвд өссөн даруухан нэгэн охин байлаа даа. Бага нас минь миний хамгийн баяр жаргалтай мөчүүд байж дээ.Одоо хэр нь өссөн гэр, сургууль, сургууль гэр 2-ийн хоорондох зам гээд бүгдийг зүүдэлсээр л байдаг. Аймагтаа очилгүй 2 жил болсон байна. 2 жилийн өмнө очиход сайхан байсан шүү, бүх зүйл нь бараг хэвээрээ байсан. Сургууль дээгүүрээ очлоо,тоглодог байсан тоглоомын талбай,цэцэрлэг гээд л бага насны дурсанмжууд сэргээд л.Биднийг бага байхад аймаг маань их л олон хүнтэй хүүхэд бужигнасан газар байсан санагдана.Харин сая очиход нэг л эл хуль, чимээгүй болсон юм шиг байсан. Магадгүй намайг бага байхад ийм байсан ч байж болох юм. Хүүхэд насны дурсамж ер нь хамгийн сайхан дурсамж байдаг байх. Тэр үед баярлаж байсан эсвэл эмзэглэж гуниж байсан бүхэн их л тод үлдэж.Тийм болохоор бид бас үр хүүхдэдээ мөн ийм байна гэж бодож хайрлаж,дурсамж бүрийг нь сайхнаар үлдээхийг хичээх хэрэгтэй юм боловуу даа.

Just my opinion

Өчигдөр удаан уулзаагүй найзтайгаа уулзлаа, үнэхээр сайхан байсан.
Хүн ер нь хэзээ найзийгаа боддог вэ гэж би нэг өдөр бодож суусан..
Хамгийн ихээр баярласан үедээ юу? Арай ч үгүйээ, Би л лав хамгийн их баярласан үедээ баяраа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах гээд л яардаг. Харин дараа нь тайвширсан хойноо л найздаа хэлдэг.
Тэгвэл би хамгийн их гутарсан, ганцаардсан үедээ найзаа дурсдаг юм билээ. Тэгвэл найз үүний тулд байдаг гэж үү? Магад ч гүй. Бид чинь ганцаардах дургүй, зовох дургүй,гуниглах дургүй.Тэгээд л нөгөө муу найзийгаа дуудаж байгаад л хамаг зовлонгоо тоочдог. Найз минь л юм болохоор намайг ойлгох гэж зовлонг нимглэх гэж яддаг.
Зовох цагт нөхрийн чанар танигдана гээд бид Найз бол зовсон үед туслах ёстой гэж боддог. Үгүй ч юм билүү, найзаасаа заавал туслахыг хүсч,туслахгүй бол уурлаж гомдох эрх ер нь байж боломгүй. Харин ч найзтайгаа уулзаад инээж хөөрдөг, санаа нийлсэн сэдвээрээ утаа гартал буу халчихдаг байх нь л дээр байх.
Ээ муу найз минь. Би өөрийгөө харахад их л олон найзтай юм шиг, гэхдээ л эцсийн эцэст хар багын найз минь л ганц юм шиг санагдах юм даа..
.

Анхны бичлэг минь


Блог нээнэ дээ гээд бодоод л яваад байдаг байсан чинь би чинь аль дээр блогоо нээсэнээ Жагаагийн блогийг үзэж байгаад мэддэг байна шүү. Зиак, энэ болбоос миний ахны бичлэг юм байна.Урьд шөнөжингөө бороо орлоо,өглөө бас өдөржингөө...Бүрхэг байхаар надад яагаад ч юм их гунигтай санагддаг. Гэтэл ийм л өдөр би блогоо бичих гээд л байж л дээ.Өнөөдрийг хүртэл блогчдийн блогийг уншиж блогоос блог руу нисч явсан бол одоо өөрөө бичих цаг нь болжээ. Хэвлийд байгаа хүүхэд маань мэдсэн юм шиг хөдөлж байна.Эмэгтэй хүн байх,дээр нь ээж байх гэдэг үнэхээр сонин.. 2 дахь хүүхдээ тээнэ гэдэг анхныхаасаа огт өөр юм. Анхны хүүхдээ тээж байхдаа нас залуу цус шингэн байсан болохоор бараг л сагс тоглох нь холгүй гүйж яваад төрж байсан байх юм.Гэтэл одоо бол бүх зүйлийг мэдрээд л, хүүхдээ яаж анх хөдөлсөн,надад яавал эвтэйхэн,яавал хүүхдэд минь сайн бэ, муу вэ гэхчилэн бүгдийг мэдэрч зохицуулдаг болсон байх юм. Эмэгтэй хүн анхны хүүхдээ олоод тээх үедээ хүүхэд гэж ямар ертөнц болох тухай гадарлахгүй л явдаг, хүүхдээ дөнгөж гарсны дараа хараад тийм ч их хайр төрдөггүй, харин хүүхдээ өсгөх явцдаа ээжийн хайр нь ундран гардаг гэж би ойлгосон.Тиймээс л дараагийн хүүхдээ олохоороо илүү мэдэрч бүр гэдсэнд байхад нь хайрлаад эхэлдэг юм байна. Хань минь ч бас миний адил төрөх хүүхдээ тэсэн ядан хүлээж байгаа болов уу. Ээж гэлтгүй аавууд ч мөн адил, хайр нь сүүлд бий болдог болов уу. Ээж, аав, ахынхаа хайраас хүлээгдсэн хүүгээ мэндлэхийг хүлээсээр, тэр минь миний хэвлийд бидний хайрыг мэдэрч байгаа байх даа..

Блогчин охин - Designed by Posicionamiento Web | Bloggerized by GosuBlogger