Галаа хэн манах вэ?


Хайр гэж юу вэ гэдэг талаар хүн бүр дотроо нэг нэг зүйлийг бодож байдаг байх.
Харин би бол хайрыг яг л галтай адилхан гэж бодож түүнтэй зүйрлэдэг.
Хүнд анх хайртай болж түүнтэйгээ үг хэлээ олж,сэтгэл зүрхээ нээх гэж хичээх нь яг л хэдэн мод тавиад эвтэйхэн гэх чинь гал асаах гээд хичээж буй мэт,жаахан салхи гараад л асаах гэж байгаа шүдэнзийг минь үлээчихтэй адил хайртай хүндээ өөрийгөө таниулж чадахгүй бол энэ нь хайрын галаа асааж чадалгүй өнгөрөөж буй мэт.
За тэгээд салхи нь ч намдуу,мод нь ч хуурай бол гал асна даа.
Гэхдээ мэдээж гал дүрэлзэн асаж байх нэг үе байхад мод нэмэхгүй бол цогшин унтардаг үе байх.
Бид яг л үүнтэй нэг адил асаасан хайрынхаа галд үргэлж цучил нэмж бадраах хэрэгтэй юм болуу. Бид нэгэн хэвийн зүйлд дасах нь амархан. Одоо үргэлж миний хажууд байгаа ханийгаа харсаар байгаад дасал болж, хэлэх үг нь ширүүссээр хатуудаж бага багаар гал дээрээ ус хийсээр унтраах вий. Гал дүрэлзэн асаж бас заримдаа зөөлөрч байж амьдрал сонирхолтой байдаг байх. Галын дөл дулаахан байдаг, хайртынхаа хажууд байгаад л баймаар байдаг шиг.
Асаасан галаа бас манах хэрэгтэй, хэн нэг нь ирээд хувингаар ус хийчихвий, эсвэл өөрөө зүүрмэглэж суугаад унтарч байгааг нь анзаарахгүй өнгөрөөх вий.
Галын хажууд 2-уулаа сууж байхдаа галаа ээлжилж манах хэрэгтэй юм болов уу, эсвэл хэн нэгэндээ найдаад галаа хайхрахгүй орхих уу,
Галыг тойроод анх 2-уулхнаа суудаг байсан бол аяандаа 3-уулаа 4-үүлээ болно.Тийм болохоор тэр галд цучил нэмэх басхүү манах эзэд олуулаа болно.Мэдээж энэ бол бидний хайраас гарсан,тэр галын элчийг мэдрэх эрхтэй үр хүүхдүүд минь юм.
Ээж аав галаа хэр манаж байгаагаас үр хүүхдүүд нь суралцана.
Галдаа цучил нэмж байгаарай,гол нь бүрмөсөн бүү унтраагаарай!
Гал чинь бүрмөсөн унтарсан бол буруутныг хайхад оройтсон байх вий.

0 comments:

Блогчин охин - Designed by Posicionamiento Web | Bloggerized by GosuBlogger