Гөлөг


Ертөнцийн хамгийн хөөрхөн амьтан бол амьтны зулзага. Амьтны зулзагыг хараад өхөөрдөхгүй өнгөрөх хүн ховор биз. Нэг орой том хүүгээ дагуулаад гэрийн ойролцоох хүнсний дэлгүүрээс ойр зуур идэж уух юм авахаар гарсан юм. Дэлгүүр ороод гараад иртэл нэг гөлөг бүр даараад бээрчихсэн паацгнаад арай гэж явж байсан.Хүйтэнд бараг өвдсөн байх гэж бодсон.

Хүмүүс ч гөлгийг тоож байгаа ч шинжгүй хажуугаар нь өнгөрөөд л байсан. Би ч бас хотоор хаа сайгүй явж байдаг золбин гөлөгнүүдийн нэг юм байна гээд тоохгүй өнгөрөх гэтэл чадсангүй. Үнэндээ тэр гөлөг аврал нэхэж байгаа юм шиг хүн бүр лүү харж дагаж явах гээд паацагнаад байсан. Хүүгээ хартал нүднээс нь нулимс бөмбөрч байна.”Ээж ээ, энэ ямар өрөвдмөөр юм бэ? “ гээд бараг л гэр лүүгээ аваад оръё гэдэг үг аман дээр нь гарч ирэн алдаад л байсан. Тэгээд нэгэнт гэрт нь нялх дүү нь байгаа тул ариун цэвэр эрүүл ахуйд нийцэхгүй гэдгийг учирлав. Ядаж нэг цаасан хайрцаг олоод нэг нөмөртэй газар тавьж хонуулъя гэж бодоод дэлгүүрийн үүднээс цаасан хайрцаг авч хийгээд орцны үүдэнд байдаг жижиг тасалгааны буланд тавиад гэртээ орсон. Гэтэл нөгөө гөлөг яаж байгаа бол гэж бодогдоод болдгүй ээ, хашаатай айл байсан бол хамаа алга гэртээ аваачаад тэжээгээд авмаар л санагдсан. Даан ч яаж ч болдгүй. Монголд чинь одоо ийм орон гэргүй амьтныг авдаг асардаг газар байдаг бил үү ч гэж бодлоо. Гэтэл юун амьтны бүү хэл хүүхдийн асрах нь ч хуруу дарам бөгөөд тэр асрахад байгаа хүүхдүүдийн хоол унд,орчин хэр байгаа бол гээд л гөлөг надад асар их юм бодууллаа. Хүүгээ дагуулаад нэг саванд жаахан шөлтэй хоол байснаас хийгээд, нэг муу даавуу байсныг аваад гарлаа. Гэтэл гөлөг байдаггүй, мэдээж жижүүр эгч гөлгийг гаргасан байсан. Гараад хайгаад байлаа, тэгтэл харин машины зогсоол дээр нэг машины дугуйны хажууд тавьчихсан байдаг байгаа. Яаж ч чадахгүйдээ бухимдаж хэсэг зогсоод нөгөө даавуугаараа хучаад шөлийг өгье гэтэл гөлөг шөл ч идэж чадахгүй бүр бээрчихсэн байсан. Тэгээд подвал руу орсон шатны нөмөрт тавиад үлдээсэн. Үнэндээ тэр шөнө их хүйтэн байсан тул тэр гөлгийг би осгож үхнэ гэдгийг мэдэж байсан. Гэртээ ороод бяцхан охиноо тэврээд жаал үнсэж өөрийгөө тайвшрууллаа. Хүү маань орцны жижүүр эгчид ихэд гомдож байгаагаа хэлтэл аав нь “Миний хүү, энэ хотод ийм хичнээн олон гөлөг гадаа хөлдөж үхэж байгаа гэж бодно, бид яаж ч чадахгүй шүү дээ, жижүүр эгчийгээ буруутгаад яахав, тэр хүн ч бас ажлаа хийж байгаа, орцонд тэр гөлгийг хонууллаа гэхэд шөнийн турш гаслаад айл амьтны хүмүүс гомдол гаргах нь мэдээж” гэлээ. Хүү маань өглөө нь гөлгийг очиж хараад “огт хөдлөхгүй байна лээ ээж ээ” гэсэн. “Хөөрхий тэр гөлөг одоо тэнгэрт энд ингэж даарснаас хавьгүй илүү жаргалтай байгаа” гэж аав нь хэлснээр би ч миний хүү ч тайвширсан. Энэ гөлөг шиг хаягдсан, хайраар дутсан энхрий бяцхан хүүхдүүд бас хичнээн олон байгаа биилээ. Хүний мөрөөдөлд хязгаар байх биш, магадгүй хэзээ нэгэн өдөр би их мөнгөтэй болох завшаан тохиодог юм бол ээж аавын хайраар дутсан алаг үрсийг өсгөж бойжуулах сургаж хүмүүжүүлэх асрамжийн газар байгуулна гэдэг миниий мөрөөдөл дээр амьтдын асрамжийн газар байгуулна гэдэг мөрөөдөл бас нэмэгдсэн шүү.

4 comments:

Anonymous said...

Ум ма ни бадми хум, хөөрхий гөлөг нэгэн айлын жаргалтай үр болж мэндлэг!

Anonymous said...

энд тэнд бээрч яваа гөлөг болгонд амгаланд амьдардаг ээж маань санаа тавьж авчирсаар байгаад одоо хашаагаар нь дүүрэн нохой болсон. бас болоогүйээ тэднийгээ хооллох гэж ээж маань өдөрт нэг удаа зах явж гэдэс дотор авчирч хооллодог гэсэн. тэр нь ч мэдээж хүрэлцэхгүй, бид бас хааяа ээж дээрээ очихдоо сүү, талх, боорцог барьж очдог байсан бол одоо нэмээд нохойнуудынх нь хоолыг бас авч очдог болсон хэхэ. гэхдээ нохой хооллох үнэн кайфтай шүү, гөлөгнүүд бол бүүр хөөрхөн сүүлээ хөдөлгөж байгаад л долоож гардаг юм.

Anonymous said...

Ямар хөөрхөн юм бэ,сайн үйлс хийж байгаа Eliya болон түүний ээжид баярлалаа.

Anonymous said...

Элияадаа бичлэгүүдийг нэгд нэгэнгүй умшиж коммент үлдээсэнд талархаж байгаагаа хэлэхээ мартан өнгөрөх шахлаа, БАЯРЛАЛАА!

Блогчин охин - Designed by Posicionamiento Web | Bloggerized by GosuBlogger